"Дэлхийн гар угаах өдөр”-ийг өнөөдөр “Цэвэр гар амьдралыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЭМЯ, ХӨСҮТ хамтран мэдээлэл хийлээ.
Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах бөгөөд ингэснээр өвчнөөс сэргийлэх, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. Гараа зөв угаах нь суулгалт халдвар, амьсгалын замын цочмог халдвар, арьс үрэвсэлт болон нүдний зарим халдварууд дамжихаас урьдчилан сэргийлэхээс гадна таваас доош насны хүүхдүүдийн дундах суулгалт халдварын түвшинг 30-50 хувь, амьсгалын замын халдварыг 21-45 хувиар тус тус бууруулдаг гэсэн судалгааны дүн гарчээ.
“Хүмүүс гараа угаадаг ч бие зассаныхаа дараа, хоол идэхийн өмнө гэх мэт зайлшгүй шаардлагатай үед маш цөөхөн хувь нь л гараа савандаж угаадаг. Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон амьсгалын замын ба гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм. Гараа савандаж угаах, гарын ариун цэвэр сахихыг сургууль, гэр орон, олон нийтийн газарт автоматаар хийж хэвшсэн зан үйл болтол нь төлөвшүүлэх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл санууллаа.
Иргэд гараа дан ганц усаар угаах нь хангалтгүй бөгөөд угаагаагүйтэй ижил юм. Тиймээс гараа сайтар савандаж угааж занших хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн зарим сургуулиудын ус хангамж, ариун цэврийн нөхцөл зэрэг нь хүүхдийн гар угаах орчин нөхцлийг бүрдүүлж чадахгүй, цаашид эрүүл ахуйн зөв дадалтай иргэн болж төлөвшихөд саад учруулж байна хэмээв.
Тус өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран сургагч багш бэлтгэх сургалт, гар зургийн уралдаан, сурагчдын гараас дээж авч хурдавчилсан шинжилгээ хийх, гарын авлага, зөвлөмж боловсруулж тараах, гарын ариун цэвэр сахих талаар олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг ажил өрнүүлэх аж.