Нийслэлийн 375 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд “Спортлог-Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болох гэж байна. Өдөрлөг аравдугаар сарын 18-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд болох юм. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичиг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын хэлтсийн албад, Нийслэлийн захирагчийн ажлын алба, харьяа газрууд оролцох аж. Мөн дүүргийн биен тамир спортын хороод, чийрэгжүүлэх төвүүд ,“Монголын Эмнести интрнэшнл” ТББ, “Монгол Залуучуудын холбоо” зэрэг олон байгууллагууд хамтран оролцож байна.
Энэхүү өдөрлөг нь нийслэлд биен тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх ач холбогдолтой аж.
Өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулсан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах юм. Энэ үеэр дугуйн парад болох бөгөөд парад Чингисийн талбай-Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам-Чингисийн талбай гэсэн чиглэлээр явах юм.
Мөн иргэдийн дунд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, шатрын тоглолт зэрэг спортын уралдаан явуулж, нийслэлээрээ спортлог нэг өдрийг өнгөрөөх юм.
М.Болорцэцэг