О.Бат-Ундрах
ЭХЭМҮТ-ийн өргөтгөл буюу Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн нэгдүгээр давхарт суурилуулсан Зүрхний катетер ангиографийн лабораторийг өнөөдөр нээв. Герман улсын “Siemens” брэндийн “Artis Zee” нэртэй, хоёр туйлт ангиографи СТ нь хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай аппарат юм. Түүгээр хүүхдийн зүрх, судасны эмгэгийг дэлхийн стандартын дагуу оношилж, эмчлэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, зүрхний хөнгөн хэлбэрийн гажгийг мэсийн бус аргаар буюу судсан дотуур эмчилдэг орчин үеийн дэвшилт технологи юм. Үүнд артерийн битүүрээгүй цорго, тосгуур хоорондын таславчны цоорхой, уушгины артерийн судасны нарийсал, зүрхний нээлттэй мэс заслын дараах судасны хүндрэлүүдийг эмчлэх боломжтой юм.
Лабораторийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭМЯ болон ЭХЭМҮТ-ийн удирдлагууд оролцсон юм. Одоогоос яг сарын өмнө тус төвийн эмч нар БНСУ-ын эмч нартай хамтран лабораторийнхоо шидийг “шалгаж”, 11 хүүхдийг оношилж, зургаад нь мэс засал хийсэн юм. Тодруулбал, зүрхний ховдол ба тосгуур хоорондын цоорхойтой, артерийн даралт ихэссэн 2-18 насны таван өвчтөнийг мэсийн бус аргаар эмчилж, эдгээснээ эмч нар танилцуулав. Мөн зүрхний дөрвөл гажгийн улмаас БНСУ-д зүрхний нээлттэй мэс засал гурван жилийн өмнө хийлгэсэн таван настай хүүхдийн уушгины артерийн зүүн салааны нарийслыг баллоноор тэлж өргөсгөн, стент тавьсан нь амжилттай болжээ. Өдгөө ЭХЭМҮТ-д зүрхний төрөлхийн гажигтай 1500 орчим хүүхэд хяналтад байна. Энэ лабораторийг нээснээр тэдний 25-30 хувьд нь мэсийн бус аргаар эмчилгээ хийх бол үлдсэн нь зүрхний нээлттэй хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай аж.