2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей жил бүрийн аравдугаар сарын 15-ныг “Дэлхийн гар угаах өдөр” болгон тунхагласан бөгөөд өнөө жил “Цэвэр гар амьдрал аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэгддэг.
Жил бүрийн энэ өдөр дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон кампанит ажил өрнөдөг. Тав хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтад уушгины хатгаа, суулгалт зэрэг нь голлох шалтгаан болдог. Дэлхий дээр жил бүр таваас доош насны 3.5 сая хүүхэд ийм шалтгаанаар нас бардаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангийнхны тооцоолсноор 30 секунд тутамд нэг хүүхэд гэдэсний халдвараар бурхан болдог аж.
Гараа зөв угаах нь гэдэсний халдвар, амьсгалын замын цочмог үрэвсэл, арьсны үрэвсэлт өвчин болон нүдний зарим халдвараас урьдчилан сэргийлдэг. Гараа сайтар савандаж угааснаар гэдэсний халдвараар өвдөх гурван хүүхэд тутмын нэг, амьсгалын замын халдварт буюу хатгаа өвчнөөр зургаан хүүхэд тутмын нэгийг урьдчилан сэргийлж чаддаг аж.