Ерөнхий сайдын багцын хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт хамгийн орчин үеийн өндөр технологийн шинэ лаборатори өнөөдөр нээлтээ хийлээ.
Хүүхдийн зүрх, судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азийн хэмжээнд долоо дахь нь юм. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын "Siemens" пүүсээс авчээ.
Шинэ лаборатори нээгдсэнээр өмнө нь зөвхөн гаднын эмч нарын баг ирэхэд л хийдэг байсан хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношлогоо, судсан дотуурх хагалгааг Монголын эмч мэргэжилтнүүд эх орондоо бие даан хийх боломжтой болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус лабораторийн нээлтэд оролцсон юм. Тэрээр “Би 2007-2008 онд Туул ротари клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зүрхний төрөлхийн эмгэгтэй 30 шахам хүүхдийг Солонгос улсад хагалгаанд явуулж байлаа. Энэ клубын шугамаар одоогийн байдлаар 300 гаруй хүүхэд гадаадад эмчлүүлсэн. Тэгвэл одоо нарийн мэргэжил, өндөр технологи шаардсан өртөг ихтэй энэ төрлийн оношилгоо, эмчилгээг эх орондоо хийж чаддаг боллоо” гэж онцлоод, эмч мэргэжилтнүүдээ улам чадавхжуулан сургахыг эмнэлгийн удирдлагуудад захилаа.