Сонгинохайрхан дүүргийн V, VI, VII хороо, Ханын материал орчимд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Хера пропертийз” болон туслан гүйцэтгэгч “Бэг бүрд” компани эхний ээлжийн 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Газраа чөлөөлж, бүтээн байгуулалт явуулах боломж олгосон 20 гаруй иргэнд өнөөдөр байрных нь түлхүүрийг гардуулав. Өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэлийн ИТХ хуралдаж, гэр хорооллыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, журмыг нь баталсан. Төсөл хэрэгжүүлэгч компаниудыг тавдугаар сард шалгаруулж, ажлаа албан ёсоор эхлүүлж байв. Анхны компаниудын нэг нь “Хера пропертийз”. Эхэлж байснаас хойш нэг жил таван сар болоход иргэдтэй тохиролцон, эхний ээлжийн барилгаа барьж, ашиглалтад оруулсан нь энэ төслийн хамгийн том амжилт болов.
”Хера пропертийз” энэ газарт үйлчилгээ эрхэлдэг байсан 14 айлын газрыг чөлөөлж, богино хугацаанд багагүй ажил амжуулжээ. Энэ хавьд дахин төлөвлөлтийн хүрээнд барих хорооллуудын цахилгааныг нь бүрэн шийдсэн. Мөн дулаан, усны шугамыг нь тавихад улс, нийслэлийн төсвөөс нийт 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Дахин төлөвлөлт эхлүүлж байхад хүндрэлтэй зүйл байсан ч давж туулсаар ирлээ. Цаашид ч өргөжинө, дараачийн барилгуудыг удахгүй ашиглалтад оруулна. Одоогоор 24 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж, 60 гаруй барилгын бүтээн байгуулалт хийж байна. 700 айлыг нүүлгэн шилжүүлэх юм уу түрээсийн байранд оруулаад байна” гэж нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ.