УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав. Тэрбээр Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан уг Ажлын хэсгийн ахлагч юм. Мөн уулзалтад Шадар сайд, Уул уурхайн болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай Ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирсэн байв. Энэхүү Ажлын хэсэгт дээрх яамдын харьяа ГЕГ, ТЕГ-ын Маргаан таслах комисс, МХЕГ, Үндэсний аудитын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгчид багтаж буй. Гэхдээ Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл “Одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа” хэмээн мэдэгдсэнийг С.Ганбаатар гишүүн Ажлын хэсгийнхэнд дуулгаад долоо хоногийн дараа эл асуудлаар дахин уулзаж ярилцахаар болсон юм.