ОХУ-ын нийслэл Москва хотноо шинээр байгуулах “Эбола" төв нь хувийн клиникууд, жуулчны бизнесийнхэн болон африкийн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран ажиллана. Энэ тухай тус төвийг санаачлагчдын нэг Александр Логинов сурвалжлагчид ярьжээ.
Тэрээр одоогоор тус байгууллага нь хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлэхээр ажлаа явуулж байна гэжээ. Түүний түнш, оросжисон Бенины иргэн Иван Жой гэгч бөгөөд ОХУ –ад Анагаах ухааны дээд сургууль дүүргэсэн нэгэн. Тэрээр “Эбола” төсөлд хамтран ажиллана. Түүнээс гадна Жой африкийн орнуудтай хэлхээ холбоо тогтоох ажлыг эрхлэх аж. “Бид “Парк културы” цэцэрлэгт хүрээлэнд 50 м.кв.талбай бүхий байр олсон. Одоо хөрөнгө оруулагчдыг татахаар яриа хэлэлцээ явуулж байна. Саяхан Иван Франц дахь Либерийн ЭСЯ–ныхантай уулзаад иржээ. Тэд тусална гэж амласан гэнэ.Түүнчлэн Сьерра-Леоны албан ёсны төлөөлөгчидтэй урьдчилсан байдлаар яриа хэлэлцээ хийсэн гэж Логинов ярьжээ. Түүний хэлснээр, яг одоо төрийн бус байгууллагаар бүртгүүлэхээр бичиг баримтуудаа цэгцэлж байгаа аж. 2014 оны эхэн үед Гвиней улсад Эбола вирусын халдварт өвчин бүртгэгдсэн. Удалгүй тахал өвчин зэргэлдээ Сьерра-Леон, Либери ба Нигерийг хамрах болсон. Наймдугаар сарын сүүлээр Конго, Сенегал зэрэг улсад хүрсэн. Үүний дараа АНУ болон Европод ганц нэг тохиолдлууд илрээд буй юм. Москвагийн “Эбола” төвийн гол зорилго, иргэдэд эбола вирусын халдварт өвчний тухай таниулж, Африкийн орнуудын ард түмэнтэй соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.