Монголын залуучуудын холбооноос холбогдох байгууллагуудад “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явган хүний зам, гарц дагуух босоо хашлага (бордюр)-ыг улаан өнгөөр будаж, налуулах хүсэлт тавьсан юм. Явган зорчигчдын төлөөх энэхүү хүсэлтийг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн баруун салбарын хамт хүлээн авч, явган зам дагуух хашлагуудыг өчигдрөөс налуулж эхлэв. Налуулах шаардлагатай хашлаганы тоо, байрлалыг “Улаанбаатар” нэгтгэлд МЗХ гаргаж өгсөн аж. Энэ сарын 14-17-нд МУБИС-аас Баруун дөрвөн зам хүртэлх нийт 85 хашлагыг налуулах юм байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд, унадаг дугуйтай зорчигчид, тэрэгтэй хүүхдээ түрсэн эцэг эхчүүд, өндөр настнууд явган хүний замаар чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэх юм.