Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар “Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой, тус сангийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт орууллаа. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн хоёрдугаар сард Н.Хүрэлсүхэд найман жил хорих ял ногдуулсан. Дээд шүүх шүүгдэгч Н.Хүрэлсүх, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж үзээд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгов. Мөн Н.Хүрэлсүхэд эд хөрөнгө завшсан үйлдэлд нь оноосон найман жилийн хорих ялыг долоон жил болгон өөрчиллөө. Түүний нэр дээр байдаг 12 байрыг мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн бөгөөд анхан шатны шүүх тэдгээр орон сууцнаас хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тогтоол гаргасан юм. Дээд шүүх Н.Хүрэлсүхээс гаргуулах 49 сая төгрөгийн хохиролд нэг байрыг нь хураан, Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хохиролд тооцуулахаар шийдвэрлэлээ. “Цэвэр агаар” сангийн ерөнхий нягтлан бодогч асан М.Хуланд анхан шатны шүүх долоон жил хорих ял оноосон. Давж заалдан шатны шүүхээс М.Хуланг жирэмсэн учраас шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэснийг Дээд шүүх хүчингүй болгож, долоон жилийн хорих ялыг нь биечлэн эдлүүлэхээр болсон юм. Мөн улсад учруулсан дөрвөн тэрбум гаруй төгрөгийг төлүүлэхээр боллоо.Уг хэрэгт холбогдсон МХЕГ-ын байцаагч Б.Алтантуяа, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгов. БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Цэцгээд ногдуулсан долоон жилийн хорих ялыг зургаан жил зургаан сар болгон хөнгөрүүлсэн байна.