Буянт-Ухаа дахь Олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор манай улсын иргэн Б өөр хүний гадаад паспортод хуурамч дардас даруулан улсын хилээр нэвтрэх гэж байхад нь хилчид саатуулжээ. Тэрбээр Монгол Улсын хилээр өөрийн гадаад паспортоор нэвтэрч гуравдагч орны хилээр орохдоо хуурамч дардас дарсан паспортаа ашиглах зорилготой байсан нь тогтоогдсон гэнэ. Сүүлийн үед хил нэвтрэх хуурамч дардас ашиглах гэмт хэрэг цөөнгүй гарчээ. Хил хамгаалах байгууллагынхан энэ онд гэхэд иргэдийн хууль эрхзүйн мэдлэг сул байгааг ашиглан хил нэвтрэх дардсыг өндөр үнээр хуурамчаар дарж өгдөг таван бүлэглэлийг илрүүлэн тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар тухайн үед нь бид мэдээлж байсан.