“Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт семинар БОНХЯ-нд боллоо. Тус үйл ажиллагааг UN-REDD хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, БОНХЯ хамтран зохион байгуулсан юм. Уг семинарт Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадорж, БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарт үйлчилгээ эрхэлдэг ТББ, аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй төлөөлөл оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа гол шалтгаан нь агаар мандалд хуримтлагдаж буй хүлэмжийн хий юм. Хүлэмжийн хий нь эрчим хүч, үйлдвэр, газар ашиглалтын өөрчлөлт, ой, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас болж агаар мандалд ялгардаг байна. Манай Улс өмнө нь 4-5 жилд нэг удаа хүлэмжийн хийн тооллогын талаарх тайлангаа тайлагнадаг байсан бол одоо хоёр жил тутамд тайлагнах үүрэг хүлээжээ
Манай улс жилд 20 сая тонн хүлэмжийн хийг ялгаруулж, үүнийхээ 60-70 хувийг эргүүлэн шингээдэг гэж үздэг байна. Цаашдаа шингээлт болон ялгаруулалтын хэмжээг тэнцвэртэй болгох нь чухал аж. Мөн манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдож байгаа хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн дунджаас өндөр байдаг байна. Энэ нь үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулаад бага хэмжээний үр ашиг хүртэж байгаа юм.
М.Болор