Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийг ойг угтаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг бямба гарагт буюу аравдугаар сарын 18-ны өдөр зохиох гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн хамгаалалтын далан хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэхээс гадна шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг хусч цэвэрлэх аж.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад, цэргийн анги нэгтгэлүүд оролцох юм. Аж ахуйн нэгж байгууллагууд гадна талбайгаа цэвэрлэх юм. Мөн өдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газраас айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг ачиж тээвэрлэх аж.
Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллага, оюутан сурагчид, ард иргэдийг идэвхитэй оролцохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.