Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаран болон JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар JCI Монгол байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч С.Сайнбат 2017 онд Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг дуулгаад тус үйл ажиллагааг Хотын захиргаатай хамтран явуулах хүсэлтээ илэрхийлэв.
Харин нийслэлийн Засаг дарга “JCI байгууллага нь ажил хэрэгч залуучуудыг нэгтгэдэг. Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг манай улсад 2017 онд зохион байгуулснаараа манай орны хөгжилд чухал нөлөөтэй. Чуулга уулзалтыг зохион байгуулахад бидний зүгээс бүхий л талаар туслахад бэлэн байна” гэлээ.
JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч ноён Шайн Баскаран нийслэлийн Засаг дарга хүлээж авч уулзсанд талархал илэрхийлэн байгууллагынхаа талаар товч танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-ын үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож, 2011 оноос НҮБ-ын зөвлөх статустай байгууллага болсон. Өнөөдөр JCI байгууллага дэлхийн 120 гаруй оронд 5000 орчим салбар байгууллагын 200 мянган идэвхтэй, нэг сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн томоохон олон улсын байгууллага болоод байна"гэв.
Шайн Баскаран нь 2013 оны Бразилийн Рио Дэ Жанэро хотноо зохиосон JCI Байгууллагын Дэлхийн чуулганы үеэр 2014 оны Ерөнхийлөгчөөр Энэтхэг улсаас сонгогджээ. Тэрээр 1976 онд Энэтхэгийн Натика хотод төрсөн. Худалдаа, Зочид буудалын удирдлага болон хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. "Hotel Dreamland", "Dreams Color Lab", "Golden Gate Tours and Travels" компаниудийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.