Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар авсан, авсан байж болзошгүй 9000 орчим тохиолдол 10 дугаар сарын 12-ны байдлаар долоон улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдлээ.
ДЭМБ-ын өчигдөр гаргасан тайланд дурдсанаар, Гвиней, Либери, Нигери, Сенегал, Сьерра-Леон, Испани болон АНУ-д “Эбола”-гийн халдвар авсан 8997 тохиолдол бүртгэгдсэний 4493 нь нас баржээ.
“Эбола”-д хамгийн их нэрвэгдээд буй Либерид халдвар авсан эсэхийг шинжилгээгээр тогтоох чадвартай албан хаагчид дутагдалтай байгаагийн улмаас халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж ДЭМБ мэдэгдэв.
Эмнэлгийн 427 ажилтан “Эбола”-гийн халдвар авсны 236 нь нас барсан аж.
Өвчтөн бүрийн ямар замаар халдвар авсныг нь тогтоож, албан хаагчид халдвар авахаас урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээг эргэн харах зэрэг өргөтгөсөн шалгалтыг тус байгууллага явуулж байна.