Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр JCI байгууллагын 2014 оны ерөнхийлөгч Шайн Баскаран болон JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар JCI Монгол байгууллагын 2014 оны ерөнхийлөгч С.Сайнбат 2017 онд Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж, тус үйл ажиллагааг хотын захиргаатай хамтран зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэв. Түүнд нийслэлийн Засаг дарга “JCI байгууллага ажил хэрэгч залуучуудыг нэгтгэж чаддаг. Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулбал манай орны хөгжилд их чухал нөлөөтэй. Чуулга уулзалтыг зохион байгуулахад бид бүхий л талаар туслахад бэлэн байна” гээ хэлжээ.
2013 онд Бразилын Рио Дэ Жанэрод зохиогдсон JCI байгууллагын дэлхийн чуулганы үеэр Шайн Баскараныг 2014 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр 1976 онд Энэтхэгийн Натика хотод төрсөн, худалдаа, зочид буудлын удирдлага, хуульч мэргэжилтэй. Hotel Dreamland, Dreams Color Lab, Golden Gate Tours and Travels компаниудийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа бизнес, хамтын ажиллагаа, олон нийт, хувь хүн гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2011 оноос НҮБ-ын зөвлөх статустай байгууллага болжээ. Өнөөдөр JCI дэлхийн 120 гаруй оронд 5000 орчим салбар байгууллагатай, 200.000 идэвхтэй, 1.000.000 гаруй дэмжигч гишүүнтэй олон улсын байгууллага болсон байна.