Нийслэлд амьдарч буй иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч, өдөр бүр бага насны хүүхдүүд xалуун хоол, цай, гал, зуух, цахилгаан тогоонд түлэгдэн нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол нэмэгдсээр. Гэтэл барилга нь ч баригдаагүй, төсөв мөнгө байхгүйгээс өвчтөнүүдэд боолтын материал, тос, эм, тариа нь ч хүрэлцдэггүй. Харин 2015 онд Түлэнхийн тасгийн өнөөгийн байдал арай өөр болно гэдэгт эмч нар итгэж сууна.
Учир нь эднийх “Эрүүл үрс гэрэлт ирээдүй” ТББ-ын зургаа дахь төслийг тасагтаа хэрэгжүүлэхээр болжээ. Олон удаа хөцөлдсөний эцэст 100 мянган ам.долларын төсөл авсандаа тус тасгийнхан маш их баяртай байна. Төслийг хоёр үе шаттай явуулах бөгөөд эхний ээжлийн 80 мянган ам.доллараар тасагт нэн шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангах аж. Харин үлдсэнээр нь нийслэл, орон нутгийн эмч, сувилагч нарыг түлэнхий чиглэлээр сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, иргэдэд зориулсан түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалт, сурталчилгаа явуулах гэнэ. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Самсунг Электроникс” компани ажиллаж байгаа аж.