Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй болдог. Иймд тэдэнд байнгын анхаарал халамж, тусламж дэмжлэг шаардагддаг. Тэгвэл Монголын залуучуудын холбоо Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан уг ажлын хүрээнд ахмадуудыг эрүүл мэндийн цахим бүртгэлд бүртгүүлж, ЭХО, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэл, дотор, уушиг, сахар, даралт, чих, хамар хоолойн үзлэгт хамруулсан байна.