Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос гаргасан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөллийн тухай тав дахь тайлан илтгэлд энэ тухай дурдсан байна. Дэлхий нийтийн хэмжээгээр гарч байгаа энэ удаагийн тайлан илтгэлийг гаргахад дэлхийн 300 гаруй тэргүүлэх эрдэмтэд 2008 оноос хойш ажиллаж, 70 гаруй орны 1700 шахам эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дүнг нэгтгэн боловсруулж, 12000 гаруй мэргэжилтэн, судлаачдын саналыг тусгасан аж.
Уг тайланд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт улам тодорхой ажиглагдаж, улс орнуудын байгаль орчин, нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар үзүүлж, ноцтой эрсдэл бий болгож байна гэж дүгнэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, учруулах үр дагавар нь 2007 онд гаргасан өмнөх тайлан илтгэлд төсөөлж байснаас ч давж, эрсдэл нь эрс нэмэгдсэнийг тэмдэглэсэн аж. Шинэ тайлан илтгэлд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх бүлэг хүмүүс, эдийн засаг нийгмийн салбарууд болон экосистемуудийг тодорхойлж, учирч болох эрсдэлийг даван туулах боломжтой арга замыг мөн санал болгосон юм.
Ихэнх бүс нутгуудад хур тунадас өөрчлөгдөж, цас мөсөн бүрхүүл эрчимтэй хайлж байгаа нь усны нөөц болон чанарт ихээхэн нөлөө үзүүлж, энэ нөлөөлөл улам бүр нэмэгдэх шинжтэй байгааг анхааруулжээ. Хуурай уур амьсгалтай зарим бүс нутагт улам хуурайших, улмаар гангийн учруулах хохирол нэмэгдэж байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таримал ургамал, ялангуяа үр тарианы ургамлын ургац зарим бүс нутагт 25% хүртэл буурсан нь ядуу орнуудын хүнсний аюулгүй байдал, өлсгөлөнг бууруулахад чиглэсэн арга хэмжээнд ихээхэн саад учруулж байгаа юм байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэнд, амьдрах орчин, түүнчлэн хүмүүсийн амьжиргаанд ч нөлөө үзүүлж байгааг олон баримт жишээгээр харуулжээ.
Энэ бүхнээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учруулах гамшиг, сөрөг нөлөөллийн эрсдэл улам нэмэгдэж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дасан зохицох арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулсан байна.