Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос санаачлан Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран “Хүрэлтогоот-Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр уламжлал болгон зохиодог билээ.
Оны шилдэг бүтээл шалгаруулах 14 дэх удаагийн “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал Одон орон судлалын Хүрэлтогоот цогцолборт эхэллээ. Уг хурал нь Нийгэм-хүмүүнлэг, Геологи, газар зүй, Байгалийн ухаан, Техник технологи, Биологи, хөдөө аж ахуй, Анагаах ухаан гэсэн зургаан үндсэн чиглэлээр явагддаг бөгөөд эхний хурлыг Нийгэм-хүмүүнлэгийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн холбооноос зохиож байгаа юм.
Нээлтэд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэргэжилтэн Н.Баттогтох, БШУЯ-ны ШУБЗГ-ын мэргэжилтэн Д.Баттогтох зэрэг холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Хуралд 50 гаруй залуу судлаачид бүтээлээ ирүүлснээс 13 судлаач эцсийн шатанд шалгарч, өнөөдөр илтгэлээ хэлэлцүүлж байна. Эдгээрээс тэргүүн байрт шалгарсан судлаачид БШУЯ-наас 4 сая төгрөгийн шагнал олгох аж.
Залуу судлаачид нийгэм, хүмүүнлэгийн олон чухал асуудлуудын хүрээнд хийсэн судалгааны үр дүнгээсээ танилцуулж байгаа юм. Тухайлбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхбадрах “Түүхэн харьцуулсан судалгааны орчин үеийн ач холбогдол”, МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Олон нийттэй ажиллах практикт Монолчуудын менталитетийг ашиглах нь”, SBN телевизийн сэтгүүлч Э.Энхжаргал “Соёл урлагийн сэтгүүл зүй түүний хөгжил онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.