ДЭМБ-аас Эбола вируст халдварын дэгдэлтийг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДАЛ” гэж зарласан бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлэн байдал ханган ажиллаж байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар эбола вируст халдвараар дэлхийн найман оронд нийт 8997 хүн өвчилж, 4493 хүн буюу 49 хувь нь нас барсан байна. Нийт өвчилсөн хүмүүсийн дотор 427 нь эмнэлгийн ажилтан байсан бөгөөд тэдгээрийн 236 нь буюу 55 хувь нь нас баржээ. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штаб өчигдөр хуралдаж, дэлхий нийтийг цочроогоод байгаа Эбола вируст халдварын өнөөгийн байдал, эрүүл мэндийн улсын албанаас авч хэрэгжүүлж байгаа ажлууд, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Штабын хурлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга А.Эрдэнэтуяа удирдан явуулав. Хурлаар “Эбола вируст халдварын дэлхий дахины өнөөгийн байдал” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, штабын гишүүн Д.Нарангэрэл, “Эбола вируст халдвараас сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн, штабын гишүүн Ч.Баярмаа нар тус тус танилцуулга хийсэн юм.
ДЭМБ - ын санхүүжилтээр ЭМЯ –ны Шуурхай удирдлагын төвийг есдүгээр сарын 23-ны өдөр байгуулж, төвийн ажиллах түр журмыг батлуулсан. Тус төв нь 10 удаа өглөөний шуурхайг зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны веб сайтад уг халдварын талаар албан болон албан бус мэдээллийг гаргаж, иргэдэд сэрэмжүүлэг хүргүүлж байгааг хуралдааны үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа. Мөн штабын гишүүн Ч.Баярмаа Эбола вируст болон бусад шинээр бүртггэгдэж байгаа халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар танилцуулгыг хийсэн юм.
Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж, урт болон богино хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байна.
Салбарын яамны зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналт, Хил хамгаалах ерөнхий газарт тогтмол мэдээлэл хүргүүлж, санал солилцон хамтран ажиллаж байгааг мөн дурьдлаа. Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын халдвар хамгааллын бэлэн байдлыг сайжруулах үүднээс ДЭМБ-д оношлуур, зориулалтын халдвар хамгааллын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хүргүүлээд байна.
Дэлхий дахинд тус вируын халдвар зөөвөрлөгдөн тархаж байгаа өнөө үед хилийн боомтуудын бэлэн байдлыг хангаж ажиллах тал дээр анхаарч байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд тус бүртээ 16-18 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдлыг хангах сургалтыг явуулж эхэлсэн байна.