Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Хятадын найрамдлын дурсгалын хөшөө”-ний нээлтийн ёслол өчигдөр Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын ЭСЯ-ны төв хаалганы урд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолун, Элчин зөвлөх Ян Чиндун, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон холбогдох албаныхан оролцов.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолун хэлэхдээ, “Энэхүү дурсгалын хөшөөг Монгол, Хятад хоёр тал хамтран санаачилж, бүтээн байгууллаа. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд өнгө нэмсэн төдийгүй хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд дахин нэг чухал тэмдэг боллоо. Монгол Улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг. Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадын тал Монгол Улсад туслалцаа үзүүлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж ирлээ. Бидний хамтын ажиллагааны салбар улам өргөн болж, хүрээгээ тэлж байна. Бид үе, үеийн хувь нэмэр оруулсан хүмүүсийн замыг даган хамтдаа хоёр улсын найрамдлын шинэ хуудсыг нээнэ гэж итгэж байна” гэв.
Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болдбаатар, “Өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж, өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Монгол, Хятадын найрсаг харилцаа хоёр талын хүч чармайлтын үр дүнд түүхэндээ хамгийн тааламжтай цаг үедээ хөгжиж байгаа бөгөөд хамтын ажиллагааг улам эрчимтэй хөгжүүлэх сайхан төлөв бүрэлдээд байна. Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хүмүүст талархан босгож буй энэхүү хөшөө нь хоёр орны ард түмний найрсаг сэтгэлийн билэгдэл байх болно” гэлээ.
Энэхүү найрамдлын хөшөөг Монгол дизайнерын загвараар хоёр улсыг билэгдэн хоёр том багана босгож, бие биеэ тэвэрч буй мэтээр дүрсэлжээ. Ийнхүү нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд өнгө төрх нэмэх шинэ хөшөө сүндэрлэлээ.