Аймаг орон нутгийн хөгжилд залуучуудын дуу хоолой, санал бодлыг тусгах, залуучуудын суралцах, хөдөлмөрлөх, нийгмийн сайн дурын оролцоог хангах, идэвхжүүлэх зорилгоор “Залуучуудын хөгжил” чуулга уулзалтыг Увс аймагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулга уулзалтыг зүүн, баруун, төвийн гэсэн гурван бүсээр ангилан энэ сардаа багтаан хийж дуусгах аж.
“Залуучуудын хөгжил” чуулга уулзалтаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, нийгмийн оролцооны чиглэлүүдээр хөгжлийн хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлэг зохион байгуулж, чуулганаас гарсан санал санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажил болгох юм байна. Мөн зарим сумдын залуучуудын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг батлан үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох бөгөөд илтгэл, хэлэлцүүлэг, урлаг спортын арга хэмжээ, олон нийтэд хандсан бүтээн байгуулалтын арга хэмжээ зэргийг зохион байгуулах аж.
Чуулга уулзалтыг аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ХГБХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, Монголын Залуучуудын холбооны Увс аймаг дахь салбар, Боловсролын газар зэрэг байгууллагууд хамтран явуулна.