Монгол Улсын 2015 оны төсвийн тухай төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх байсан ч ирэх мемар гариг хүртэл хойшлууллаа. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “2015 оны төсвийн тухай хуулийн төсөл дөнгөж өнөө өглөө гишүүдийн гар дээр ирж байна. Иймээс гишүүд уншиж судлаагүй байхад хэлэлцэх боломжгүй. Энэ нь Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулийг зөрчиж байна” хэмээсэн нь нэлээдгүй маргааныг дагуулсан юм. Учир нь 2015 оны төсвийн төсөл бүхий ном энэ сарын 1-нд гишүүдийн гар дээр очсон юм. Энэ өдрийн өглөө тараасан номонд жижиг өөрчлөлт орсон гэдгийг Ерөнхий сайд хэлсэн тул түүнийг тайлбарлах нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга хэлж байсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газрын бүтциийн өөрчлөлтөд нийцүүлэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахыг шаадсаны дагуу хэдэн тоо өөрчлөгдөж 1.3 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Та бүхэнд сэтгэл байвал энэ номыг гурван минутад уншина” гэсэн хариу өгсөн. Мөн намын бүлгүүдийн дарга нарын байр суурийг сонссоны дараа хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг хийх өдрийн хугацааг тохиролцож, аль нэг бүлэг завсарлага авахгүй гэсэн ам өчиг авснаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. Тиймээс Мягмар гаригт зөвхөн төсвийн төслийг хэлэлцэх юм байна.