УИХ-ын гишүүн С.Ганбаатар гадаад улсад сурч, хөдөлмөрлөж буй монгол иргэдийн төр засагтаа гаргасан хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөхөд уламжилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хандан АНУ, Япон, Өмнөд Солонгос, Франц, Швейцарь, Дани, Англи зэрэг улсад суугаа монгол иргэдийн төлөөлөл болсон 2400 гаруй иргэн Газрын тухай, Ашигт малтмалын тухай болон Газрын тосны тухай зэрэг олон хуулиудын талаар саналаа хүргүүлээд байсан юм.