Өнөөдөр Монгол эх орныхоо байгалийн үнэт баялаг ой мод, ургамлын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр судалгаа шинжилгээний нөр их ажилд оюуны хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн үе үеийн ургамал судлаачид, ой зүйчдийн баярын өдөр. Тохиож байна. Баялаг судлаачдын баярын хурлыг нээж БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга “ УИХ-аас 2012 онд шинэчлэн баталсан “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ургамлын тухай”, “Ойн тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулиуд болон “Биологийн төрөл зүйлийн конвенци”, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенци”, ”Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” зэрэг олон улсын конвенцийг хэрэгжүүлэх ажилд тус хүрээлэнгийн хамт олон багагүй үүрэг гүйцэтгэж ирсэн. “Монголын ургамлын улаан данс” (2012), “Монгол Улсын улаан ном” (2014) -ыг шинэчлэн бичиж, хэвлүүлэхэд биологич эрдэмтэн, судлаачид ихээхэн идэвх, санаачлагатай ажилласныг онцлон тэмдэглэж байна” гэв.
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид эх орныхоо ургамал, ургамлан нөмрөгийг судалж, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлын шинжлэх ухааны үндсийг боловсруулж, улмаар дэлхийн шинжлэх ухаанд олон зүйл ургамал нээж, ой, ургамлын тархалтын шинэ зүй тогтолыг илрүүлж, ургамлын усны горим, анатоми, физиологийн онцлог, төрөл бүрийн ашигт ургамлын нөөцийг тогтоож, нэн ховор, ургамлыг ботаникийн цэцэрлэгт нутагшуулж, тарималжуулах талаар үр дүнтэй ажиллаж, эрдэм шинжилгээний олон арван ном, бүтээлийг туурвисан байна.