Өчигдөр болсон УИХ-ын чуулганаар батлагдаж, ажлаасаа чөлөөлөгдсөн Сангийн сайд Ч.Улаан хамт олондоо хандаж, сэтгэлийн мухартаа хадгалж явсан үгсээ шүлэглэн бичиж, яамныхаа цахим хуудаснаа байршуулжээ. Түүний бичсэнийг хүргье.
Ивээлт нар мэт цацрах аавын хөвгүүд та нар минь надад Алтан-Эрдэнэ…
Энх үүрийн туяа мэт гэрэлтэх ээжийн охид та нар минь надад Мөнгөн-Эрдэнэ…
Илчит улаан гал мэт бадарсан та нарын минь хийморь надад Шүрэн-Эрдэнэ…
Ээжийн цагаан сүү мэт цайлган гэнэн сэтгэл тань надад Сувд-Эрдэнэ…
Энгүй өргөн тал лугаа дэлгэр уужим бодол тань надад Оюу-Эрдэнэ…
Эрхэс наадах тэнгэр адил өргөн, гүн санаа тань надад Номин-Эрдэнэ…
Элбэрлийн цагаан гар мэт түших хоёргүй шулуун сэтгэл тань надад Зэс-Эрдэнэ…
Элгэн уулын нөмөрлөх оргил мэт өмөг дулаан түшиг тань надад Ган-Эрдэнэ…
Эрхэт төрийн эвийг бататгах гэгээн хүсэл мөрөөдөл тань надад Тана-Эрдэнэ…
Та нар минь наддаа Есөн-Эрдэнэ минь гэжээ.
Монголын түүхэнд дөрвөн удаа сангийн сайдаар ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед төсвийн ачааг нуруундаа үүрсэн хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд онцолж, шагнаж урамшуулахгүй бол болохгүй хэмээн санал гаргасан. Хариуцлага тооцох ёстой сайд нараа солих бус, хамгийн сайн ажилласан хүмүүсээ чөлөөлснийг нь сөрөг хүчнийхэн шүүмжилж, өчигдрийн чуулган нэлээн ширүүн болсон. Харин энэ бүхнийг сонсон сууж, эцэст нь чөлөөлөгдөхөд хүрсэн Ч.Улаан сайдын сэтгэл хөдөлж, дээрх мөртүүд урган гарсан бололтой. Ер нь сүүлийн үед манай Засгийн газрынхны яруу найргийн мэдрэмжтэй болох нь огцом илэрч, “Болор цом”-д сойхуйц хэмжээний мөртүүд төрөн гарах болов. УИХ-ын намрын анхны чуулган дээр Ерөнхий сайдын мэдээлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаарх илтгэл дээр үүнээс дутахааргүй дөрвөн мөрт “давхиж” явсныг Ё.Отгонбаяр гишүүн бусдадаа уншиж сонирхуулсан юм. Ажлаа өгч буй бусад сайд ч сэтгэлийн үгээ удахгүй өчих биз ээ.