Баянхонгор аймгийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянхонгор сумын нутаг дэвсгэрт ойн бүс /зурвас/ байгуулах ажлыг амжилттай зохион байгуулсан, тодорхой шалгуурыг хангасан байгууллагуудаас 15-ыг шалгаруулж 500.000-10.000.000 төгрөгөөр шагнахаар болжээ.
Мөн шалгарсан байгууллагын хамт олныг дотоод, гадаадын аялалд хамруулах юм байна.
Тус “Ногоон бүс” болзолт уралдаан өнөөдрөөс эхлэн, 2015 оны 10 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд сарын дараач нь буюу 11 дүгээр сард дүгнэх аж. Хамрах хүрээний хувьд байгууллагын нийт ажиллагсад байх ба “Нэг хүн - 9 мод тарих” журмаар явагдах юм байна.
Харин болзолт уралдааны ялагчийг шалгаруулах үндэслэл нь ажилчид жигд хамрагдсан байх, модыг технологийн дагуу суулгаж цэнэг усалгаа хийсэн байх, хавар мэргэжилтний зөвлөгөөг авч технологийн горимоор усалж хэвшсэн байх, модны ургалт 90-ээс дээш хувьтай байх зэргийг улсын комисс шалгаж хүлээн авснаар дүгнэгдэх аж.
Хүйтний улирал эхлэх цаг хугацаатай уялдуулан богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж, мод тарьж ургуулах ажилд албан байгууллагууд болон ард иргэдийг идэвх санаачлагатай оролцохыг аймгийн ЗДТГ-аас уриалж байгааг дамжуулан хүргэж байна.