Монгол Улсын макро эдийн засгийн энэ оны эхний есын сарын байдлаарх тайлан, мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар танилцууллаа. ДНБ өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн бөгөөд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 шахам хувь нэмэгдэн 4.8 их наяд төгрөгт хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн болохыг тэрбээр хэллээ. Задалж хэлбэл, уул уурхай 45 хувь, боловсруулах аж үйлдвэр 27, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21, малын тоо толгой 13, тариалсан талбайн хэмжээ 6.6 хувиар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны бараа эхргэлт 1.8 хувиар өcчээ
Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний есөн сарын байдлаар найман тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувийн өсөлттэй байна. 2014 оны нэгдүгээр сараас хойш алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2014 оны наймдугаар сард 14.9 сая ам.долларын ашигтай гарсан аж. Энэ нь тогтмол өндөр алдагдалтай гардаг байсан урсгал данс 126 сая ам.долларын ашигтай гарсантай холбоотой гэж тэрбээр тайлбарласан. Экспорт 30 хувь өсч, импорт 16 хувь буурснаар гадаад худалдааны алдагдал бараг тэглэгдсэн. Улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр 31 хувиар буурсан нь манай эдийн засаг, улсын төсөвт олон бэрхшээл үүсгэж байна. Нүүрсний экспорт өмнөх оноос 2.5 сая тонноор нэмэгдсэн ч төлөвлөсөн орлого 300 шахам тэрбум төгрөгөөр тасарсан тул төсөв, санхүүгийн олон зохицуулалт хийх шаардлагатай байна хэмээн үзжээ. Олон сарын турш тогтвортой хэрэгжүүлсэн бодлогын дүнд инфляцын түвшин саарч, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжсон гэв. Инфляцын түвшин л гэхэд сүүлийн гурван сарын хугацаанд 14.9-13 хувь хүртэл буураад байна. Жилийн инфляцын түвшинд хувцас, бөс бараа, гутлын бүлэг, цахилгаан, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Инфляцийн түвшин өндөр байгаа хэдий ч өсөлтийн түвшин саарах хандлагатай байгаа аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны энэ үеэс 10 хувиар цөөрч 33.9 мянга болсон ч ажилгүйдлийн түвшин төдийлэн буурсангүй. Оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6.9 хувиар өсөхөөр урьдчилсан тооцоо гарсан байна. “Чингис” бонд, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд үүнд гол нөлөө үзүүлэхээр байгааг Ерөнхий сайд онцоллоо. Үйлчилгээний салбар 2014 оны эхний хагас жилийн байдлаар хоёр хувиар өссөнөөс тээврийн салбар 12 хувиар, мэдээлэл, шуудангийн салбар 2.5 хувиар өссөн бол худалдааны салбар 12 хувиар буурчээ.
Төсөвт орж ирэх экспортын орлого 150 сая ам.доллараар буурчээ
Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариултаа авсан. Тухайлбал, улсын төсөв хэдэн төгрөгөөр тасрав, төсвийн хөрөнгө оруулалт яагаад хийгдэхгүй байгаа, банкнаас зээл аваад ажлаа гүйцэтгэчихсэн компаниуд улсаас мөнгөө авч чадахгүй байсаар дампуурахад хүрч байгаа талаар УИХ-ын гишүүн А.Тлейхан лавласан. Ерөнхий сайдын хариулснаар, нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оноос 2.5 сая тонноор нэмэгдсэн ч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас төсөвт орж ирэх экспортын орлого 150 сая ам.доллараар буурсан аж. Энэ мэт хүндрэлээс болж төсөв бүрдүүлэлт тасалдсан гэлээ. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төсвийн орлоготой уялдуулан хийдэг болохоор төсвийн орлого тасалдсан нь хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаагийн шалтгаан гэж тэрбээр хэлэв. УИХ-ын гишүүд, эбола вирусын халдвар дэлхий нийтийг түгшээж байгааг хэлээд түүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгааг, 888 төслийг шалгаруулан санхүүжүүлнэ гэж байсны хэд нь санхүүжилтээ аваад байгааг, хүнсний ногооны тариалалт нэмэгдэн, дотоодын хэрэгцээгээ хангахаар хэмжээнд хүрсэн гэж байгаа атлаа хүнсний ногооны импорт нэмэгдээд байгаагийн учрыг тодруулан асуусан. Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, эбола вирусын халдвараас сэргийлэх талаар тодорхой мэдээллийг ҮАБЗ-д танилцуулан тус зөвлөлөөс зөвлөмж гаргасныг хил, гаалийн албадад хүргүүлээд байгаа юм байна. Эмч нарыг сургалтад хамруулан, бэлэн байдлыг хангаж ажиллаж эхэлсэн аж. Эбола вирусын тархалт гарсан улс оронд зорчоод ирсэн 20-иод хүнийг хяналтад аван ажиллажээ. Ямартай ч манай улс ДЭМБ-ын үнэлгээгээр бэлтгэл харьцангуй хангагдсан орны тоонд ороод байгаа гэв. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төслийг шалгаруулснаас 146 төслийн санхүүжилт батлагдан, 211 тэрбум төгрөгийн санхүүжилтээ аваад байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүд хариулсан. Энэ жил 475 мянган тонн үр тариа, 160 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо тариалсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй хэмжээгээрээ адил байгаа гэсэн хариулт өглөө.
 
                     
                     
                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            