ОХУ, БНХАУ-ууд Москва, Бээжингийн хооронд өндөр хурдны төмөр зам тавьж одоогийн Транс-Сибирийн зургаа хоногийн аялалыг хоёр өдөрт багтаадаг болгох санамж бичигт ерөнхий сайд Ли Көцянийг Москвад айлчлах үеэр гарын үсэг зуржээ.
Уг төслийн өртөг 230 тэрбум доллар болох ба 7000 орчим километр урттай байх гэнэ. Энэ нь одоогийн дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замаас (Бээжин-Гуанжоу) даруй гурав дахин урт болох юм.
Эхний ээлжинд Москвагаас Татарстаны Казань хотын чиглэлд 803 километр зам тавьснаар төсөл эхэлнэ хэмээн талууд хэллээ.
Одоогийн Транс-Сибирийн төмөр зам 1954 онд ашиглалтанд орж одоог хүртэл долоо хоног тутамд хоёр удаагийн аялал явдаг гэнэ. Ингэхдээ Москва-Владивостокийн үндсэн шугамнаас салж Монголын нийслэл Улаанбаатрыг дайрч өнгөрдөг.
Хятадын Инженерийн Академийн эксперт Ванг Мэнгшу “Бээжин Таймс”-т өгсөн ярилцлагандаа “Хэрвээ санхүүжилт хурдан шийдэгдвэл хамгийн хурдандаа таван жилийн дотор баригдаж дуусна” гэжээ.
Мөн эх сурвалжийн дурдсанаар Хятадын талын нэг километр ийм зам босгох зардал 33 сая доллар байдаг гэв.
Хятад улс нь арав хүрэхгүй жилийн дотор өндөр хурдны галт тэрэгний технологийг Францийн Алстом, Германы Сиеменс, Японы Кавасаки Хиви Индастриз компаниудаас авч өндөр амжилтанд хүрээд байгаа юм.
Хэдийгээр 2011 онд Венжоуд гарсан ослоор 40 орчим зорчигчийн амь насыг алдсан ч технологи нь эрчимтэй сайжирч саяхнаас Турк, Венесуель зэрэг улсуудад зам барих төслүүд эхлүүлээд байна.
Эх сурвалж: AFP