Харъяалалгүй ахмад настанд хүндэтгэл үзүүлэх зардлын хэмжээг нэг ахмад настанд 10 мянган төгрөг, хугацааг жилд хоёр удаа байхаар тогтжээ. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө шаардагдахгүй бөгөөд нийгмийн халамжийн сангийн төсвийн эрх мэдэл орон нутагт очсон, орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн байгууллага хамтран хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг тул цаашид санхүүжилтийн хувьд хүндрэл үүсэхгүй хэмээн Засгийн газар үзсэн байна. Манай улсад протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэдэг байгууллага цөөнгүй байгаа ч иргэдийн хувьд протезийн хэрэгслийг гадаадад хийлгэх тохиолдол нэмэгдэж байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулж протез хэрэгслийг өөрөө сонгосон байгууллагаас, ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас өөрөө сонгож авна гэж өөрчиллөө.