ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулиас монгол залуусыг үнэгүй суралцуулах боломжоор хангаж байна. Тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн хэлэхдээ, “Манай сургууль ОХУ-даа нэр хүндтэй сургуулиудын нэг. Монгол-Оросын эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа энэ үед Монгол Улсаас сурч буй эдийн засаг, банк санхүүгийн чиглэлийн ажилтнуудыг бэлтгэж байгаадаа баяртай байна. Энэ хичээлийн жилд манай сургуульд 30 монгол оюутан 100 хувийн тэтгэлэгээр суралцаж байгаа. Тэд маш хөдөлмөрч, орос хэлийг сайн сурч байгаагаараа бусад орны оюутнуудаас ялгардаг. Эдгээр оюутнууд төгсөөд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Бид ирэх хичээлийн жилд 50 монгол оюутныг сургах төлөвлөгөөтэй байна” гэлээ.