Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн 6а ангийн сурагчид энэ сарын 9-нд хоолны хордлого авч, 16 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэд салат, төмсний нухашнаас хордлого авсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоожээ. Зургаан хүүхдийн шинжилгээнээс Staphylococcus aureus буюу алтлаг стафилакокк гэх цөсний замын өвчин үүсгэгч илэрсэн байна. Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, болон хүүхдүүдийн ходоодыг угааж шинжилгээ хийсэн аж. Ингэхэд холимог болон байцааны салат, ходоодны угаадаснаас Staphylococcus aureus, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, Staphylococcus aureus, төмсний нухашнаас Bacillius cereus, Staphylococcus aureus зэрэг нян, арчдаснаас гэдэсний савханцар илэрчээ.
Сурагчид “Ургацын баяр” тэмдэглэхээр гэр гэртээ төрөл бүрийн салат, төмсний нухаштай бялуу, жимс, үзэм, чацарганы шүүс, будаа, хиамтай ороомог хийж ангидаа авчирсан аж. Үүнээс идсэн 16 хүүхэд хордлого авсны дөрвийнх нь бие нэлээд хүнд байсан юм. Тэд сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээр бие нь сайжирч гарсан байна. Бусад 16 хүүхэд, багш, ар гэрийнхний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.