Ховд аймагт 2012 оны зургадугаар сараас барьж эхэлсэн дулааны II станцыг Улсын комисс хүлээн авлаа. 11 Гв-ын хүчин чадалтай энэ станцыг Улаанбаатар хотын МЭЗ компани барьж, өнгөрсөн сард ашиглалтад оруулсан байна. Улсын комисс уг станцын үйл ажиллагаа, барилга байгууламжтай танилцаад хүлээн авч, ажиллуулах эрхийг Ашиглалтын өмнөх захиргаанд өгсөн байна. Гэхдээ ялтсан бойлууртай учраас найдвартай, хэвийн ажиллагааг хангахад тохирох нүүрсээр горимын дагуу галлахыг хатуу анхааруулжээ.
Энэ станцаас дулаан авах хэрэглэгчид шугам сүлжээгээ угааж цэвэрлэсэн байх шаардлагатай аж. “Энерготех сервис” компани дулааны тохируулгын ажлыг гүйцэтгэж, дулаан, халуун усаар хэрэглэгчдээ хангадаж байгаа аж. Улсын төсвийн 8.9 тэрбум төгрөгөөр баригдсан эл станц Ховд аймгийн хэрэглэгчдийн 40 хувийг дулаанаар хангах хүчин чадалтай. Хэрэглэгчдийн 60 хувьд нь хуучин “Бадамлах дөл” станц дулаан түгээж байна.