Эх орныхоо байгалийн үнэт баялаг болсон ой мод, ургамлын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, унаган байгалийн ургамлыг хойч үедээ үлдээхэд хүч хөдөлмөрөө зориулдаг ургамал судлаачид, ой зүйчдийн баярын өдөр энэ сарын 17-нд тохиолоо. Хүний буруугаас сүйдэж буй эх дэлхийгээ аврахад үе үеийн ботаникчид хүчин зүтгэж буй. Тэдэнд зориулсан баярын хурлыг БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас 2012 онд шинэчлэн баталсан Байгаль орчныг хамгаалах тухай, Ургамлын тухай, Ойн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон “Биологийн төрөл зүйлийн конвенц”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц”, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц” зэрэг олон улсын конвенцыг хэрэгжүүлэхэд Ботаникийн хүрээлэнгийн хамт олон багагүй үүрэг гүйцэтгэсэн. “Монголын ургамлын улаан данс 2012”, “Монгол Улсын улаан ном 2014”-ийг шинэчлэн хэвлүүлэхэд идэвх санаачилгатай ажилласныг онцлон тэмдэглэж байна” гэсэн юм.
УИХ өнгөрсөн зургадугаар сард “Ногоон хөгжлийн бодлого” баталсан. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Устах аюулд орж байгаа ургамлыг хамгаалах, тарималжуулах, тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээгээр өргөжүүлэхээр тусгасан юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг БОНХ-ийн дэд сайд Б.тулга ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдад уриаллаа.
Ботаникийн хүрээлэнгийн үе үеийн ажилтнууд өнгөрсөн 40 жилийн хугацаанд эх орныхоо ургамал, ургамлан нөмрөгийг судалж, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлын шинжлэх ухааны үндсийг боловсруулсан. Дэлхийн шинжлэх ухаанд олон зүйл ургамал нээж, ой, ургамлын тархалтын шинэ зүй тогтлыг илрүүлжээ. Ургамлын усны горим, анатоми, физиологийн онцлог, төрөл бүрийн ашигт ургамлын нөөцийг тогтоон, нэн ховор, ховор ургамлыг Ботаникийн цэцэрлэгт нутагшуулж, тарималжуулсан гээд ботаникчдын хийсэн, бүтээснийг тоочивч баршгүй.