Баянхонгор аймгийн төвийнхөн салхин талдаа ойн бүс байгуулахаар шийдвэрлэжээ. Баруун, баруун хойд, хойд талаараа 5600х50 м хэмжээтэй газарт байгуулах ойн зурваст тарьсан моддыг хамгаалах, арчлан ургуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяраар ахлуулсан байна. Тус Ажлын хэсэг иргэд, албан газар байгууллагуудыг ойжуулалтад зохион байгуулалттайгаар оролцуулж, хийсэн ажлаа хоног бүр танилцуулах юм. Мод тарих газрыг энэ сарын 30-ны дотор кадастрын зурагт тусган, тарьц суулгацаа бэлэн болгож, нүх ухуулан, усалгааны суваг татахаар төлөвлөжээ.
Энэ ажилд нэг ч хүнээ үлдээлгүй идэвхтэй оролцож, хүн бүр есөөс дээш тооны модыг технологийн дагуу тарьж цэнэг усалгаа хийсэн, хавраас эхлэн модоо зөв арчилж тордсон, модных нь 90-ээс дээш хувь ургасан байгууллагуудаас 15-ыг шалгаруулж, 500.000-10.000.000 төгрөгөөр шагнах аж. Хамт олноороо дотоод, гадаадад аялах урамшуулал ч бий гэнэ.