Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барьсан “Буянт-Ухаа 1” хороололд “Юнител.ком” компани хяналтын камер суурилуулжээ. Нийт 28 барилгаас бүрдэх тус хорооллын нэг барилгад 34 камер бий аж. Эдгээрийн 14-ийг нь орцны дотор хаалгаар орж, гарч буй хүмүүс рүү болон цахилгаан шат руу чиглэсэн хөдөлгөөнийг хянахад, бусдыг нь гарааж тус бүрийн хаалганы хоёр талаас болон гадна талбай, дотор талыг бүрэн хянахаар суурилуулсан байна. Энэ нь байруудын орчин тойрон болон орц, гараажийн бүхий л хөдөлгөөнийг хянана гэсэн үг.Камерууд нь 24 цагийн турш ажиллаж, 2-3 сарын бичлэг хадгалах боломжтой. Иргэд хүссэн үедээ камерын бичлэгийг шүүж, шаардлагатай хэсгийг хуулан авах боломжтой гэнэ.
Хяналтын нэгдсэн дэлгэц, самбар нь хорооллын төв контор болох “Опен хаус өнө” компанийн байрны нэгдүгээр давхарт байрлуулжээ. Цаашид блок тус бүрт харуул ажиллуулж, харуулын байр тус бүрт хяналтын дэлгэц суурилуулах аж.