Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж буй авто замуудыг шалгажээ. Шалгалтад улсын хэмжээний 59 авто зам, замын байгууламжийг хамруулсан байна. Энэ онд 37 чиглэлд нийт 1886.4 км зам тавьж байгаа бөгөөд эдгээрийн цөөнгүй нь чанарын шаардлага хангахгүй байжээ. Орон нутгийн замын хувьд “Шинжиан шинфа” компанийн гүйцэтгэсэн Увс аймгийн Улаангом, Наранбулаг сум чиглэлийн хатуу хучилттай 90 км, “Алтайн зам” компанийн Өлгий, Цагааннуур чиглэлийн 40 км, “Арж капитал” компанийн тавьж буй Өндөрхаан, Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 132.6 км, “Чайна гео” компанийн тавьж буй Өндөрхаан, Чойбалсан чиглэлийн 50 км замын асфальт бетон хучилтаас дээж авч шалгахад нягт нь техникийн шаардлагад заасан 98 хувьд хүрэхгүй байсан аж. Мөн хучилтын гадаргууд нүх, хагарал үүссэн, замын бетон хашлага нь эвдэрсэн, муруйсан байжээ.
Нийслэлд тавьж буй замын тухайд “Эйч Кэй Би интернэшнл холдинг” компанийн тавьж буй Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын хучилтын нягт 96.5, явган хүний замын далангийн нягтрал 95 хувьтай гарсан нь стандартад нийцээгүй аж. Үүнээс гадна иргэн, аж ахуйн нэгжийн буруугаас болж зам эвдэрсэн тохиолдол ч гарсан байна. Зайсангийн аманд байрлах барилгуудын бохир усны шугамыг тавьж буй “Наб групп” компани нь Богд уулын араар Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто замын трассын дагуу явган хүний замыг эвдэж, хүнд даацын машинаа замын зорчих хэсэгт тавьж, авто зам дээр ухсан шороогоо овоолсон байсан аж. Мөн зарим хороолол доторх болон хотын зах орчмын авто замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдснаас хашлага эвдэрсэн, замын зорчих хэсгийн хучилт цоорсон, инженерийн байгууламж орчимд сууж, цөмөрсөн, иргэд, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж сүйтгэн, гарц гаргасан нь цөөнгүй байсан аж. Тухайлбал, Хасбаатарын гудамжийг Хувьсгалчдын гудамжтай холбосон 0.366 км авто замын авто замын асфальт бетон хучилт машины дугуйн мөрөөр эвдэрсэн, Санзайн зуслангаас “Бага баян” төрийн өмчит үйлдвэрийн газар хүртэлх 2.8 км авто замын асфальт бетон хучилт эвдэрч, нүх сүв, хагарал гарсан байна.