Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтан, нийслэлчүүд өнгөрсөн бямба гаригт “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-ндээ гарч, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хороолол болон орон сууц, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэв. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбай, үерийн хамгаалалтын далан, барилга байгууламж, гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хаягдлыг цэвэрлэснээс гадна цахилгааны шон болон албан байгууллагын гаднах самбарт наасан зарлалын хуудсуудыг арилгасан юм. Цэвэрлэгээнд нийслэлийн ЗДТГ, Нийтлэг үйлчилгээний газар, “Дашчойлин” хийд идэвхтэй оролцсон байна. Энэ үеэр ажиглагдсан нэг зүйл нь Тамхины хяналтын тухай хууль огт хэрэгжихгүй, иргэд хотын соёлд суралцах болоог үйг харж болохоор байв.
Тодруулбал, гудамж, зам талбай, ойр орчноо цэвэрлэхэд томоохон хог хаягдал гэхээсээ илүүтэй тамхины иш маш их гарч байсан юм. Цэвэрлэгээнд оролцогсод “Хүмүүс шүлс, нус, цэрээ ил, задгай их хаясан байна. Автобусны буудлууд үнсний сав, шүлс хаях цэг болчихож. Хотын залуус соёлтой болох өдий байна” гэцгээж байв. Тиймээс хүмүүс тамхины ишнүүдийг нэг бүрчлэн түүн, элдэв ялгадсуудыг хусан арилгаж байв. Цэвэрлэгээг хоёр хоног дараалан хийсэн байгууллага бол “Дашчойлин” хийд. Ойр орчим нь мод, бутлаг ургамал ихтэй тул унасан навчсыг цэвэрлэжээ. Харин зарим гэр хорооллынхны өнгө төрх өөр байв. Сонгинохайрхан дүүргийн XI хороонд 09.30 цагийн орчимд очиход ерөнхий боловсролын сургуулиудад II ээлжийн цэрэг татлага үргэлжилж, хашаа, хороо, гудамж талбайгаа цэвэрлэж буй дүр зураг үзэгдсэнгүй. Үд дунд ч байдал хэвээр байсан тул оршин суугчдаас учир байдлыг тодруултал “Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй гэж сонссон. Өнөөдөр мэдэгдсэн юм алга. Хогны машин ч ирээгүй” гэсэн юм.
Энэ жил нийслэлийн ЗДТГаас хотоо цэвэр, цэмцгэр байлгах уриалга дэвшүүлэн, их цэвэрлэгээний хуваарь гаргасан. Энэ удаагийнх дөрөв дэх нь бөгөөд нийт таван удаа их цэвэрлэгээ зохион байгуулах юм. Уржигдрын цэвэрлэгээнд 100 мянга гаруй оюутан оролцсон аж. Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй иргэд, аж ахуйн нэгжид Хог хаягдлын тухай хуулийн зарим заалтыг үндэслэн торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
О.БАТ-УНДРАХ