Улсын хэмжээнд энэ сарын 9-16-нд амбулаториор 157.863 хүн үйлчлүүлсний 7.675 нь томуу, томуу төст өвчтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар их байгаа юм. Өөрөөр хэлбэл 10000 хүн тутамд 29 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 2.4 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана.Иймээс томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх зөвлөгөөг ЭМЯ-наас хүргэж байна.
- Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
- Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт хоёроос доошгүй чийгтэй цэвэрлэгээ хийх
- Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
- Гараа савандаж угаах
- Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамар, амны хөндийг байнга цэвэрлэх
- Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгэн иллэг хийх
- Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
- Ханиаж, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
- Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд тариулах
- Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай.
Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Ханиалгах
- Толгой өвдөх
- Үе мөч булчингаар өвдөх
- Хоолой хөндүүрлэх нус гоожих, хамар битүүрэх
- Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах шинж илэрнэ.