Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудаа ХААИС-ийнхан өнгөрсөн бямба гаригт сэтгүүлчдэд танилцууллаа. 10 мянга гаруй оюутантай тус сургууль энэ хичээлийн жилээс найман бүрэлдэхүүн сургуулиа тав, бакалаврын мэргэжлийн 50 хөтөлбөрөө 25 болгон цөөлжээ. Суралцагчдын 25 хувь нь магистр, докторын түвшинд сурдаг. Доктор багшийн эзлэх хувь 40-д хүрсэн аж. Мөн зургаан орны 12 их сургуультай олон улсын 12 хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байна. Хос хөтөлбөрт хамрагдсан 55 хүүхэд сургуулиа төгссөн бол одоо 138 оюутан уг хөтөлбөрөөр хичээллэж буй. Нийт 230 оюутан гадаадад сурч байгаа бол 108 багш магистр, докторын дараах сургалтад хамрагдаж байна. Мөн дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн 300 гаруй хичээлийг цахим хэлбэрээр судалж, сертификат авах, кредит цаг цуглуулах боломж нээж өгчээ. Түүнчлэн ХААИС-ийн кампуст ажиллаж, амьдарч буй бүх хүн англи хэлний “Be global” хөтөлбөрт хамрагдаж байна.
АНХ УДАА ӨРГҮЙ
Тус сургууль сүүлийн жилүүдэд банкнаас зээл байнга авч байж хэвийн үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тэгвэл энэ жил анх удаа өргүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн арваад технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгожээ. Тус сургуулийн судалгааны ажлын 30-40 хувь нь үйлдвэрлэлд нэвтэрдэг. Гарааны 20 компани байгуулахад бэлэн болсон ч хууль эрх зүйн орчин саад болж байгааг тэд дурдсан. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд соёл, урлагийн танхимаа “Хатан туул” нэртэй театр болгон тохижуулж, спортын ил талбайтай болж, “Оргил” мультмедиа студи байгуулжээ. Мөн хичээлийн шинэ байраа барьж эхэлсэн гэнэ. Багш, ажилчдаа хямд орон сууцанд оруулах ажлыг эхлүүлж, өдгөө 60 айл хамруулжээ. Интернэтийн хурдыг хоёр дахин нэмж, онлайн элсэлтийн программ нэвтрүүлсэн байна. Энэ онд нийт дөрвөн лаборатори шинээр байгуулжээ. Түүнчлэн профессор багийн тогтолцооны журам батлан, профессорын 19 баг байгуулан 11 төсөл хэрэгжүүлж байна.
БИО НҮҮРС, СУМАН ХОШУУ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Суман хошуу олдоц муу, ир нь амархан мохдог гэнэ. Тэгвэл энэ бүхнийг тус сургуулийнхан шийдсэн байна. Хэрэглэхээ больсон суман хошууг тэд засаж янзлан зах зээлд борлуулснаар нөөцийг хоёр дахин нэмжээ. Үүнээс гадна био нүүрс үйлдвэрлэн, олон улсын стандартын дагуу савлан “Оюутолгой” компанид 10 тонныг нийлүүлсэн аж.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ