1983 онд ӨМӨЗО-ны Ордост төрсөн Д.Далайбаатар нь 2006 оноос хойш 2014 оны таван сар хүртэл Монгол Улсад урлагийн чиглэлээр суралцсан байна. Түүнийг суралцаж байх хугацаанд буюу энэ оны тавдугаар сарын 13-нд хууль бусаар албадан гаргаж, Монгол Улсад 10 жил нэвтрэхээргүй болгон хар тамга дарсан хэмээн “Нэгдсэн Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаатар, соёл судлаач Г.Ням-Очир, Хохирогчидийн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, түүний ангийн найз Т.Уранзаяа нар өнөөдөр хэвлэлийнхэнд хадлаа. Тэрбээр өөрийн нөхдийн хамтаар “Дэлхийн Монгол оюутан клуб”, “Өмнөд Монголын залуучуудын холбоо” гэсэн хоёр төрийн бус байгууллагыг Монгол Улсын хуулийн дагуу албан ёсоор байгуулалцсан байна. Энэ нь Монгол Улсад харш ямар нэг байгууллага биш, албадан гаргах шалтгаан болохгүйг гэж тэд хэлж байлаа. Гэтэл Д.Далайбаатар болон түүний нөхдийг хоол ундгүй, тэр ч бүүхэл бие засуулахгүйгээр хорьж байгаад, өөрт нь болон гэр бүлийнхэнд нь ямар ч тайлбар өгөлгүйгээр, өмссөн нимгэн хувцастай нь хүчээр авч явж, БНХАУ-руу албадан гаргасан аж.
“Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаатар ”Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар ( ИХШХЕГ)”, Тагнуулын ерөнхий газруудын аль аль нь манай байгууллага шийдвэрлээгүй, холбогдолгүй гэсэн тайлбар өгсөн. Д.Далайбаатарыг Монголын ямар ч төрийн байгууллага буруутай гэж үзээгүй, харин ч албадан гаргаж болохгүй гэж үзсэн гэж дүгнэж болохоор байгаа” гэлээ.
Тиймээс өнөөг хүртэл хэн, ямар шалтгаанаар албадан гаргасан нь эргэлзээтэй байгаа юм. Албадан гаргасны дараа НҮБ-ын Дүрвэгчийн дээд комиссарын газар, “Эмнест Интернэйшнл” олон улсын байгууллага эсэргүүцэл илгээж, хэсэг нам холбоод НҮБ-ын Хүний эрхийн комисст бичиг өргөж, түүнд туслах фэйсбүүк хуудас нээсэн байна.
Д.Далайбаатар нарыг Хятадын тал шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн байна. Тэрбээр одоо Эрээн хотод маш хүнд байдалтай байгааг тэд хэлж байлаа. Монгол Улсад нэвтрэх эрхээ 10 жилээр хасуулсан, дуртай сургууль, судалгаанаасаа хөндийрсөн, хайртай бүсгүйгээсээ салсан, ээж нь хямарч, цус харвасан гэх мэтээр ихээхэн хүнд нөхцөлд ороод байгаа аж. Тэд мөн өнгөрсөн жилийн наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл 30-40 Өвөрмонголыг хар тамга дарж Монгол Улсаас гаргасан гэлээ.
Тэрбээр олон нийтэд хандан хоёр ч удаа туслаач хэмээн захиа бичсэн байна.
Тиймээс тэд Монгол Улсад нэвтрэх эрхийг нь сэргээх, сургуульдаа үргэлжүүлэн суралцах эрхийг нь олгох, хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр тооцох хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.
М.Болор