Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нийгмийн эмзэг бүлэгт тооцогдож, эрхээ хамгаалуулж чадахгүй, хараа хяналтгүй, тэнэмэл амьдралыг сонгож буй хүүхдүүдийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа аж. Энэ оны байдлаар нийслэлд 300 гаруй хүүхэд хараа хяналтгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна. Үүнээс 60 орчим хүүхэд нь хүнд хэлбэрийн буюу гэр бүл, эцэг эхийн асрамжинд байхгүй 2-9 жил тэнэмэл амьдарч байна. Тэдний 10 хувь нь эмэгтэй, 90 хувь нь эрэгтэй бөгөөд 12-18 шилжилтийн насны хүүхдүүд байгаа юм.
Эдгээр хүүхдүүд тэнэмэл амьдрал сонгох шалтгааныг авч үзвэл:
Ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл
Ядуурал / гэр, оронгүй /
Зан төлвийн өөрчлөлт / суурь хүмүүжил /
Гэр бүл салалт / хойд эцэг эхийн нөлөө / гэсэн шалтгаанаас тэнэмэл амьдралыг сонгоход хүрч байгаа аж
Тус яамнаас салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг НҮБ, түүний төрөлжсөн болон гадаадын холбогдох бусад байгууллагуудтай Түншлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтаар дараах хоёр асуудлыг хэлэлцүүлж байгаа юм.
Үүнд:
Тус яам НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын болон дотоодын түншлэгч хамтрагч байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхийн тулд Түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулах санал гаргаж байгаагаа танилцуулна.
Зөвлөлдөх Хорооны чиг үүрэгт Монгол Улсын Засгийн газраас баталсан бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон холбогдох бусад салбар, олон улсын байгууллагын үүрэг, оролцоо, хоорондын уялдаа холбоог хангах зэрэг асуудлууд багтаж байгаа юм.
Гэр бүлийн хөгжлийн дэмжих жилийн хүрээнд Эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлийн хамгаалалд анхаарлаа хандуулна
Мөн дээрхи хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагааг зохиох, хэрэгжүүлэх талаар түншлэгч байгууллагуудтай санал солилцох юм.
Харин түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулснаар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар дахь гадаад, дотоодын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, давхардал хийдлийг арилгах, хөрөнгө нөөцийн зарцуулалтыг сайжруулах, улмаар хамтын ажиллагааг улам бүр үр дүнтэй болгоно гэж үзлээ