Хороолол доторх болон ачаалалгүй гудамж замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын цагдаагийн газраас уриаллаа.
Улаанбаатар хотод энэ онд хэд хэдэн гудамж, замыг шинээр засч сайжруулан тээврийн хэрэгслээр таатай зорчих нөхцлийг бүрдүүлж байгаа. Энэ талаар иргэд мэдээ мэдээлэл дутмаг, шинээр хийсэн замуудын зорчих хэсэг ямар гудамж замтай огтолцож байгааг мэдэхгүйгээс түгжрэл үүсгэж байгаа аж. Ялангуяа Чингисийн өргөн чөлөөнд Энхтайваны гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх зам оргил цагуудаар тогтмол ачаалал авдаг. Гэтэл энэ замуудыг сонгохгүй хороолол доторх замыг сонгон, тухайлбал АПУ ХК-ийн уулзвараас урагш Оргил рашаан сувиллын уулзвар, Цэлмэг хотхон болон Туулын хөвөөгөөр байрлах хороолол, хотхонуудын замаар түгжрэлгүй явах боломжтой. Мөн Гэндэнгийн гудамжны өргөтгөлийг шинээр хийснээр Чингисийн өргөн чөлөөг Олимпийн гудамжтай холбосон өргөн замтай болсон гэж тус газраас мэдээллээ.