Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговорыг нийслэлийн төсөвт шилжүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ.
2015 онд 83705 ахмад настанд 26,2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10,6 тэрбум, 113000 оюутанд 36,0 тэрбум бүгд 72,8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж Сангийн яаманд хүргүүлээд байгаа ажээ.
Яамдууд нийтийн тээврээр зорчих хүний тоогоо тохироод унааны зардлын нөхөн олговорыг тооцоолсон байтал 30%-иар бууруулж, 52 тэрбум төгрөг болгон нийслэлд шилжүүлж байгааг тээвэрчид эсэргүүцэж байгаа юм.
Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу “Нөхөн олговорын хэмжээг багасгаж нийслэлийн төсөв рүү шилжүүлж байгаа нь улс иргэддээ үзүүлэх халамжаасаа ухарч байгаа үйлдэл юм. Хэрвээ нөхөн олговорыг нийслэл рүү шилжүүлвэл бид 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс бүх хүнээс төлбөрийг нь авч зорчуулахаа мэдэгдэж байна” гэлээ.
Тээвэрчид нийслэлийн төсвөөс нөхөн олговорыг санхүүжүүлж байх он жилүүдэд үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг бүрэн авч байгаагүй бөгөөд нөхөн олговор сайд нарын багцад шилжиж, улсын төсвөөс санхүүждэг болсноор үнэ төлбөргүй зорчдог эрх бүхий хүмүүсийн тоо тодорхой болж, санхүүжилт нэмэгдэж цаг хугацаандаа нөхөн олговорын санхүүжилтээ авч байсан байна. Гэтэл ингэж 30 хувиар бууруулж, нийслэлээс санхүүжих болсноор нийтийн тээврийн нөхөн олговор цаг хугацаандаа санхүүжихгүйд хүрч, хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаа аж.
Тэд тээвэрчдэд өгдөг нөхөн олговорыг авахаа болиод бид автобусанд суусан бүх иргэдээс төлбөр авч зорьчуулья. Хүн болгон мөнгөө төлөөд явдаг болчихвол зөв гаргалгаа болно гэж үзэж байв.
Тэдний зүгээс эрх ашгаа хамгаалан 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олговороос татгалзаж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн тарифаараа төлбөрөө авч зорчуулах болохоо албан ёсоор мэдэгдсэн юм.

М.Болорцэцэг