Хотын аж ахуй, нийтийн үйлчилгээг 24 цагийн турш диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ажил, үйлчилгээнд хяналт тавих, инженерийн шугам сүлжээнд гарсан саатал, эрсдлээс сэргийлэх, зайлшгүй тохиолдолд шуурхай зохицуулах, цаашид бүхий л нийтийн үйлчилгээнд орчин үеийн хяналт, удирдлага, мэдээллийн цогц систем нэвтрүүлэхэд чиглэсэн Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээний шуурхай зохицуулалтын дүрмийг нийслэлийн ИТХ баталлаа. Үүнтэй холбоотойгоор хотын Ерөнхий менежер Б.Бадрал Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон шуурхай ажиллагаа, зохицуулалтын бүрэлдэхүүн байгууллагуудын удирдлагуудтай уг дүрмийг танилцуулан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт саатал, байгалийн эрсдэлт үзэгдлийн үед нийтийн үйлчилгээний байгууллагын шуурхай ажиллагааны нэгжүүд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах бүх талын арга хэмжээг авч, мэдээлэл солилцох, хамтарч ажиллах талаар тусгажээ.