Налайх дүүргийн залуус чуулж, Залуучуудын холбооны тэргүүнээ сонголоо. Залуучуудын хувьд тэднийг төлөөлж, төрд дуу хоолойгоо хүргэх, манлайлах, идэвхижүүлэх, чиглүүлэн удирдах, залууст чиглэсэн олон ажлыг хийх чадварлаг залууг сонгох сонголт Налайх дүүргийн залуусын өмнө нээлттэй, ил тод болсон юм. Залуучуудын холбооны тэргүүнд дүүргийн Татварын хэлтсийн дарга С.Ялалт, МСҮТ-ийн нийгмийн ажилтан Н.Содном, Эрүүл мэндийн нэгдлийн эмч Б.Баттөгс нар өрсөлдөж, С.Ялалт 89 хувийн санал авч сонгогдсон байна. Чуулганд 150 гаруй залуучууд оролцож, Залуучуудын холбооны тэргүүлэгч 17 гишүүн, хяналтын зөвлөлийн гурван гишүүнийг мөн сонгосон юм. Дүүргийн чуулганд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, дүүргийн ЗДТГ-ын орлогч Ч.Одонхүү нар оролцож залуучуудын дуу хоолойг сонсч, тэднийг дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
А.Мөнхбат залууст хандаж илтгэл тавьсан бөгөөд Залуучуудын холбоо цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах, залуучууд нутаг орноо хөгжүүлэх, нэг нэгнээ хэрхэн дэмжиж ажиллах, залуучууд нэгдэж дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг, тэднээс гарсан шийдвэр төрд хүрч ажил хэрэг болдог байх талаар санал солилцсон юм. Залуучууд ч мөн саналаа хэлж харилцан ярилцаж, Налайх дүүрэгт тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.