Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн захирал, багш нар эбола вирусын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Эбола вирусын халдвар нь анх 1976 онд Африкийн Конго улсад бүртгэгдсэнээс хойш үе үе дэгдэлт хэлбэрээр Африкийн улсуудад тархаж байжээ. Энэ удаад олон улс орныг хамарсан учир дэлхийн нийтийн анхаарлыг төвд орж, аюултай хэмжээнд очоод буй.
ДЭМБ-ийн мэдээлснээр 2014-10-22 ны байдлаар Эбола вирусээр 9911 хүн өвчилсний 4865 нь эндсэн байна. Одоогоор өвчлөл бүртгэгдсэн Африкийн Сенегал улсад аравдугаар сарын 17, Нигери улсад аравдугаар сарын 20-ны байдлаар өвчлөл зогссоныг ДЭМБ албан ёсоор зарлаад байна. Гэвч гурван орны нийслэл хотуудад халдварын тархалт өндөр хэвээр байгаа юм. Өвчний тархалт улс бүрт харилцан адилгүй байгаа бөгөөд Сьерра Леоне улсад бүх дүүргүүдэд, Либерид нэг дүүрэгт зонхилон тархаад байгаа.
АНУ, Испани улсад эбола вирусээр өвчилсөн хүнээр зөөвөрлөгдөн, тархсан өвчтөний ойрын хавьтлыг илрүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна.
Манай орны хувьд энэхүү халдвараас хүн амаа хамгаалах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
1976 онд бүртгэгдэж байсан Эбола вирусийн дэгдэлт цөөхөн байдаг учир төдийлөн судлагдаагүй байдаг аж.
Энэ удаагийн дэгдэлт өмнөх дэгдэлтүүдээс далайцтай олон орныг хамарч байгаа учир Англи, Францийн 70 гаруй эрдэмтдээс бүрдсэн хоёр судалгааны баг Эбола вирусийн вакцин, эмчилгээний арга гаргаж авахаар ажиллаж байгаа. Хэрвээ судалгаа амжилттай болвол 2015 оны эхээр вакцин гарах боломжтой юм.
Эбола вирусийн илрэх шинж тэмдэг нь томуу, миненгит, хумхай зэрэг өвчнүүдийн үед илэрдэг шинж тэмдгүүдтэй ижил байдаг юм байна. Тиймээс иргэдэд өөрсдөдөө онош тавьж гэрээр эмчилгээ хийхгүй байхыг тус сургуулийн эрдэмтэн багш нар анхааруулж байв.
-Эбола вирусын халдвар хүнээс хүнд хэрхэн тархах вэ?
Хүнээс хүнд шууд хавьтлаар гэмтсэн хүний арьс, салст бүрхүүл Эбола вирусийн халдвар дамжина. Эмнэлзүйн шинж илэрсэн үеэс Эбола вирусийн халдвар дамжих боломжтой болно.
1. Эбола вирусийн халдвартай хүний бүхий л төрлийн шингэн (цус, шүлс, шээс, хөлс, өтгөн, бөөлжис, хөхний сүү, үрийн шингэн)
2. Цусаар: зүү тариур
3. Халдвартай амьтан
Агаар, ус, хоол хүнсээр хүнээс хүнд тархахгүй.
-Өвчин ямар хугацааны дараа илрэх вэ?
-Эбола вирусийн халдвартай хүнтэй хавьтал болсноос хойш 2-21 хоногт шинж тэмдэг илэрдэг.
-Өвчний шинж тэмдэг хэрхэн эхэлдэг вэ?
-Эхний 1-2 хоногт: 38.6 хэмээс өндөр халуурах, бие ихээр ядарч сульдах, булчин, ялангуяа нурууны булчингаар өвдөх, Булчин сулрах, толгой өвдөх 3-4 дэх хоногоос бөөлжих ,суулгах, хэвлийгээр өвдөх, цаашлаад арьсан дээгүүр толбо гүвдрүүтэй улаан тууралт гарах, том хөх тууралт гарах, жижиг цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэгээр илэрнэ. Эбола вирусийн халдвар нь гэдэсний балнад, менингит, хумхаа зэрэг өвчинтэй андуурагддаг учир гэрээр буруу оношилж, эмчлэх гэсээр хоног алдан нас барах тохиодол дэлхийн улсуудад олон байна.
-Өвчний явц ямар байх вэ?
- Өвчний эхний хоногуудад илэрсэн шинж тэмдэг 5-6 хоногт даамжрах үед ихэвчлэн эмнэлэгт хэвтдэг. Иймээс өвчин хүндэрч нас барах нь их байдаг. Эмнэлэгт хэвтсэнээс хойш нас баралтын дундаж хугацаа 4.6 хоног байна. Эбола вирус нь цус бүлэгнэлтийн эмгэг үүсгэсний улмаас их хэмжээний цусархагийн шинж буюу цус алдах, цусархаг тууралт гарах, бөөрний болон элэгний дутагдалд орох, тархины үрэвсэл үүсэх зэрэг хүнд явцаар явагдаж нас баралтад хүргэдэг вирус юм.
Эбола вирусыг дэлхийн улс орнууд хэрхэн эмчилж байгаа вэ?
-Эмнэлэгт эрт хэвтүүлэн шингэн сэлбэх эмчилгээ хйиж байна. Тухайлбал, Суулгалт бөөлжилтийн улмаас шингэн алдалтад орох учраас амаар хросол, давс сахарын уусмал зэрэг шингэн уух, эмнэлэгт судсаар тарих эмчилгээг хийж байна.Мөн цус бүлэгнэлтийн эмгэгийг засах эмчилгээ хийгдэж байгаа. Одоогоор өвөрмөц эмчилгээ үгүй боловч Эбола вирусийн халдвараар өвдөөд эдгэсэн хүний цус юүлэх эмчилгээг дэлхийн орнууд зөвлөж байна.
-Энэ вирусээс хэрхэн сэргийлэх вэ?
- Эбола вирусийн халдвартай улс оронд аялахгүй байх. халдвартай хүнтэй хамт байж хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж хяналтанд орох ёстой. Хувийн ариун цэвэр хамгийн чухал юм. Учир нь хүн хамар, нүдээ арчих үрэх тохиолдолд тухайн эрхтэний салст бүрхүүлийг гэмтээдэг. Гэмтсэн салст бүрхүүлд Эбола вирусээр халдварлагдсан материал хүрэлцэх үед халдвар дамжина. Жишээлбэл өвчтэй хүнтэй хамт байсан тохиолдолд өвчтөн ханиахад шүлс нь нүдний салстад орох үед халдвар дамждаг байна. Үрийн шингэнд гурван cap хүртэл хугацаанд Эбола вирүс хадгалагддаг байна.. Эбола вирүсийн халдвартай материал хаалганы бариул зэрэг эд зүйлс хэдэн цагийн дотор хадгалагдаж байдаг байна. Иймээс:
Гараа тогтмол савантай усаар угаах
- Гар угаах боломжгүй тохиолдолд спиртэн гар ариутгах бодисыг хэрэглэх
- Нүд, хамар, ам зэрэг салст бүрхүүлийг гэмтээхгүй байх
- Сэжигтэй болон өвдөөд эдгэсэн тохиолдолд гурван сарын хугацаанд амаар бэлгийн хавьталд орохгүй байх
- Өвчтэй хүний хэрэглэсэн зүү тариур зэрэг эд материалтай харьцахгүй байх.
Хамгийн сайн сэргийлэх арга нь гарын ариун цэврийг сайтар сахих явдал юм. Үүнийг гэр орон, цэцэрлэг, сургууль, ажил дээрээ хүн бүр сахиж чадвал зөвхөн Эбола вирусийн халдвар төдийгүй олон халдвараас бидний наад захын мэдэх томуугийн халдвараас гэдэсний халдвараас 50-90% хүртэл хамгаалж чаддаг. Иймээс гарын ариун цэврийг сахих нь ямар ч халдвар өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ юм.
М.Болорцэцэг