Тайландад үйл ажиллагаа явуулдаг Азийн технологийн институтийг Зүүн өмнөд Азийн орнуудын олон улсын байгууллагуудын санаачилгаар 1959 онд байгуулжээ. Зөвхөн магистр, доктор, ахисан түвшинд сургалт явуулдаг онцлогтой тус институтэд монголчууд 1994 оноос сурч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 64 хүн төгссөн гэнэ. Тэд өдгөө Монголд төдийгүй ХБНГУ, БНСУ, БНХАУ, Тайландад ажиллаж байна. Тус сургуулийн удирдлагууд монгол оюутнуудынхаа тоог нэмэх, сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх зорилгоор Монголд иржээ. Институтийн ерөнхийлөгч, профессор Ворсак Канок Нукулчайгаас зарим зүйл тодрууллаа.
-Танай сургуульд хэдэн монгол оюутан сурч байна вэ?
-Манай институтэд 50 гаруй орны 2300 орчим оюутан сурдаг. 19.000 гаруй төгс өгчтэй. Одоогоор ганц л монгол оюутан байна.
-Хичээлээ англи хэлээр заадаг уу. Жилийн төлбөр хэд вэ?
-Тийм. Оюутан хүсвэл англи хэлний бэлтгэлд сурч болно. Сургалтын төлбөр Европын орнуудынхыг бодвол хямд. Жилийн 10 мянган ам.доллар. Амьдрах зардал ч бага. Сард 300 ам.доллар байхад хоол, байранд хангалттай хүрнэ. Шилдэг оюутан бол амьдрах зардал, сургалтын төлбөр гээд бүх тэтгэлэгт хамрагдах боломжтой. БШУ-ы сайд Л.Гантөмөртэй уулзахад Азийн технологийн институтэд тэнцсэн хүмүүсийг төрийн сангийн тэтгэлэг, зээлд хамруулж болно гэсэн.
-Танайд сурахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-IELTS (Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт)-ын оноо 6.0-аас дээш байх ёстой. Оноо нь хүрэхгүй хэрнээ дипломын голч өндөр байвал манай хэлний курст хамрагдаж болно. Хичээлийн үеэр англи хэлний бичгийн ур чадвараа дээшлүүлэх сургалтад сурна. Дипломын голч 2.75-аас дээш байх ёстой. Манайд сурахыг хүсвэл www.ait.ac.th цахим хуудсаар хандаж болно.
-Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэг бий юү?
-Олон байгууллагын тэтгэлэг бий. Жишээ нь, Азийн хөгжлийн банк гэхэд тэтгэлэг авах орнуудаа заадаг. Тэр орных нь оюутнуудад л тэтгэлгийг нь олгоно.
Э.ЭРДЭНЭ