Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр төрийн захиргааны байгууллагын 325 албан хаагч тангаргаа өргөлөө. Танараг өргөх ёслолд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн Салбар зөвлөлийн дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар оролцлоо. Албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх, андгай тангараг өргөж, төрийн жинхэнэ албан тушаалтан болж байгаа залууст нийслэлийн Засга дарга Э.Бат-Үүл ажлын амжилт хүсээд ”Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд захирагдана гэж заасан байдаг. Тангараг өргөнө гэдэг нь амлалт өгч, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг гэдгийг онцолмоор байна. Даргын төлөө ажилладаг ёс бус байдал төрийн албан хаагчид байж болохгүй. Ийм үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хуулинд заагаад байхад хууль, хүчний байгууллага хууль зөрчдөг байдал газар авсан. Төрийн албан хаагчийн дээр нэг л дарга бий. Энэ бол бол хууль юм. Та нар дээд албан тушаалтандаа биш, хуулийн өмнө тангараг өргөж буй юм. Ялангуяа, манай нийслэлийн захиргааны байгууллагынхан бусад төрийн албаныханд үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Бид ард түмэндээ хэрхэн ажиллахаа харуулж чадна гэдэгт би итгэж байна ” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотод анх удаа Авлигын эсрэг олон улсын чуулга уулзалтыг энэ сарын эхээр зохион байгуулсан бөгөөд тарийн албан авлига, хээл хахууль газар авч буйг онцолсон. “Авлига бол нийгмийн хөгжлийг ухраадаг хамгийн хор хохирол учруулдаг зүйл. Ялангуяа төрийн албан авлига хээл хахууль газар авч, ноцтой хэмжээнд хүрээд байгаа. Тиймээс та бүхэн тангарах өргөж байгаагийн гол утга учир нь ард иргэддээ үнэнч шударгаар үйлчлэх юм” гэдгийг Э.Бат-Үүл дарга чухалчлан сануулаад шинээр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүмүүст итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр тангараг өргөсөн нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргилоос сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Төрийн албанын тангараг өргөсөн хүн төрдөө чин үнэнчээр зүтгэж, хуулийн хүрээнд иргэдэд үйлчлэх ёстой. Энэ нь төрийн албан хаагчийн мөн чанар бөгөөд үүнийг Төрийн албаны тухай хуульд ч тодорхой заасан байдаг. Тиймээс бид төрдөө чин үнэнчээр зүтгэж, ард түмэндээ үйлчилж, бидний бүхий л ажиллагаа ил тод байх ёстой. Энэ хуулиа хэрэгжүүлж ажиллах болно. Ийм эрхэм хүндтэй үүрэг хүлээж, тангараг өргөж байгаадаа баяртай байна” гэлээ.
М.Болорцэцэг